Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах чиглэлээр ногоон барилгын зөвлөл байгуулах хэрэгтэй.
Барилга, байшингууд ханаараа 35%, дээврээрээ 25%, шал болон суурьнаасаа 15%, цонхоороо 15% дулаанаа алддаг. Иймээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, хүлэмжийн хийг багасгах зорилготой “Дулаан шийдэл” төсөл нь 2018-2022 онд амжилттай хэрэгжсэн.
Төслийг Европын холбооны Свич Эшиа хөтөлбөр, Аббэ Пиэр сан, Францын болон Чехийн хөгжлийн агентлаг санхүүжүүлж, Франц Улсад төвтэй Жэрэс ОУТББ, ШУТИС-ийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Чех Улсын Пипл Ин Нийд ОУТББ хамтран хэрэгжүүлсэн юм.
Төслийн хүрээнд нийт 1618 айлыг дулаалжээ. Дулаалсан өрхүүдийн дундаж эрчим хүчний хэмнэлт нь 29 хувь байсан бол нүүрсний хувьд 2171 тонныг түлэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 3219 тоноор бууруулсан амжилттайгаар төслийн хаалтаа хийж байна. Хаалтын арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо оролцож, үг хэллээ.
Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд бид хүлэмжийн хийн ялгарлыг багасгах ёстой. Энэ чиглэлийн хүрээнд Дулаан Шийдэл төсөл амжилттай хэрэгжсэнийг онцлоод цаашид үргэлжлэн хэрэгжүүлэхээр нь болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн БХБЯ цаашид төслийг дэмжиж, үйл ажиллагаагаа уялдуулна гэв. Үүний зэрэгцээ Монгол улс Парисын хэлэлцээрт нэгдэж, 230 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг хүлээснийг тэмдэглэсэн юм. Тиймээс энэ зорилгын хүрээнд Олон улсын болон үндэсний бүхий л байгууллагууд хүчээ нэгтгэж, “НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛ” байгуулья гэх саналыг дэвшүүлж, тус чиглэлээр өөрөө манлайлан ажиллахаа мэдэгдлээ. Зөвлөл байгуулснаар Ногоон барилгын талаарх эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөл хөтөлбөрүүдийг илүү өндөр үр ашигтай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэв.
Эх сурвалж: www.barilga.mn