2021-10-05

Архитектур ба инженерчлэлийн салбарт гарч буй 2021 оны 8 чиг хандлага

Урьдчилан таамаглах аргагүй цаг уурын нөхцөл байдал, тэдгээрийн дэд бүтцэд үзүүлэх нөлөөг зохицуулах бэлтгэлийг хийсэн эсэх, нарийн төлөвлөлт хийх зэрэг нь эдийн засгийн хүндрэлийг хэрхэн бууруулах, тухайн бүсэд амьдарч буй иргэдийн ахуйн амьдралыг дээшлүүлэхийн тулд ямар инновацийг нэвтрүүлэх, ямар шинэ технологиуд нь олон нийт болон чухал хөрөнгө оруулагчдын худалдан авалтыг их хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой байна вэ? 

Тэгвэл энэхүү 2021 оны хэтийн төлөв нь ирэх онд хийгдэх барилгын төслүүдээ улам боловсронгуй болгох, мөн шинэчлэл өөрчлөлтийг өөрийн ажилдаа ашиглахад тань туслах болно.

1. Тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтөд хандуулах анхаарал нэмэгдэж байна.

Хүрээлэн буй орчноо хамгаалах, тогтвортой хөгжлийн бодлогыг гарган барилга байгууламждаа хэрэгжүүлэх, цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд улсынхаа дэд бүтцийг сайжруулах нь хот, мужуудын засаг захиргааны нэн тэргүүний зорилт байдаг. Үүний дагуу АНУ-ын Хотуудын Засаг Дарга нарын Бага Хурал болон Уур амьсгал, Эрчим хүчний Шийдлийн Төв хоорондын Түншлэл буюу Тогтвортой Ирээдүйн Төлөөх Холбооноос тус улсын судалгаанд хамрагдсан нийт хотуудын 60% нь уур амьсгалын нөхцөлтэй холбоотой шинэ санаачилга, бодлого, хөтөлбөрүүдээ өргөжүүлсэн эсвэл хэрэгжүүлж эхэлсэн талаараа 2020 оны тайландаа дурджээ.

Дэд бүтцийг сайжруулахаар төлөвлөж буй хот, мужууд нь тухайн байршлаас хамаарч хуурай, чийглэг, халуун уур амьсгалтай болох зэрэг цаг уурын өөрчлөлтийг харгалзан үзэх шаардлагатай байдаг бөгөөд үүний дүнд уур амьсгалын өөрчлөлтийг бодолцсон барилга байгууламжийн ажлыг төлөвлөх, загварчлах мөн барьж байгуулах болжээ.

Хүрээлэн буй орчинд ээлтэй, уур амьсгалын аливаа нөхцөл байдалд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлсэн санаачилгыг хэрэгжүүлдэг барилгын компаниуд нь олон нийт, чухал хөрөнгө оруулагчдыг өөртөө илүүтэй татдаг. Инновацилаг дэд бүтэц нь уур амьсгалын өөрчлөлтийн үед гадны нөлөөнд тэсвэртэй, мөн хүрээлэн буй орчинд ашигтай байхын хажуугаар даралтыг шингээж, үйл ажиллагааны аливаа доголдлыг гаргадаггүй. Тухайлбал, эко гудмууд нь борооны усыг хураан шүүж, зөвхөн цэвэр усыг гол, нуурт цутгадаг.

Миннесота мужийн Дулутын нисэх онгоцны буудлын газрыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй нислэгийн зурвас бүхий Скай Харбор нисэх онгоцны буудалд нүүлгэн шилжүүлэх замаар хэрхэн 10,93га газар нутгийг эзэлдэг ойн эмзэг бүс, мөн тэнд амьдардаг ан амьтдыг хамгаалсныг онцлон харуулсан жишээг доорх бичлэгээс харж болно.

https://youtu.be/F8bT7R3YOzo

 


2. Капиталыг сайжруулах идэвхтэй бөгөөд бүтээлч төлөвлөгөө (CIP)

Цар тахлын улмаас бизнесийн орлого, борлуулалтын татвар, шатахууны татвар болон бусад төрлийн орлого нэлээд буурсан нөхцөл байдалтай орон нутгийн засаг захиргаа тэмцэж байгаа юм. "Янз бүрийн хотуудаас сонссон хамгийн том чиг хандлагуудын нэг бол ирэх хоёр жилийн хугацаанд төсвийн хэмжээг 5-15 хувиар бууруулна гэж тооцоолж байгаа явдал" гэж “SEH Rochester” компанийн оффисын барилгын Инженерчлэлийн Техникийн төвийн дарга Женна Обернолте хэлсэн юм. "Хотууд төсвөө бууруулснаар цаашид хөгжих боломжтой ч энэ нь илүү нарийн стратеги бүхий төлөвлөлтийг шаардна".

3. Унадаг дугуйн зам буюу явган хүний дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж байна

Хүнд хэцүү эдгээр жилүүдэд хүмүүст эрүүл бөгөөд итгэл найдвар төрүүлэх олон нийтэд хүртээлтэй хандлага бол цэвэр агаар, нам гүм гудамж талбай, дугуй унаж гадаа алхаж байгаа явдал юм. 

Тухайлбал, өнгөрөгч жилд АНУ-д уулын замаар алхах хүмүүсийн тоо 200 хувиар өссөн бөгөөд энэ хандлага ирэх саруудад ч хэвээр байх болно хэмээн тооцоолж байгаа аж. Тэгвэл яагаад унадаг дугуй болон явган хүний дэд бүтцэд хөрөнгө оруулах ёстой вэ? 

Хөдөлгүүрт бус дэд бүтцэд хөрөнгө оруулах давуу талуудаас дурдвал:

Зардал хэмнэх
Унадаг дугуйн зам болон иж бүрэн явган хүний зам нь шинэ авто замын дэд бүтэц байгуулахаас харьцангуй хямд тусдаг.

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх
Алхах, дугуй унах нь цусны даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт, астма өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүл мэндэд тустай энгийнээр дасгал хөдөлгөөн хийх гайхалтай арга юм. Үүний сацуу иргэд дэд бүтэц, бодлого, боловсролд хөрөнгө оруулалт хийснээр унадаг дугуй, явган зорчигчдын ослын тоог бууруулах боломжтой болдог. Хотуудын Үндэсний Холбооноос 2021 онд явган хүний аюулгүй байдлыг хангах 7 аргыг нийтэлсэн бөгөөд үүнд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах олон хэрэгслийг багтаасан байна.

Унадаг дугуй, явган хүний замд хөрөнгө оруулалт хийх нь хүмүүсийг татах, үүнийг дагаад шинэ бизнес, арга хэмжээ, хөгжил дэвшил, татварын бааз суурийг нэмэгдүүлэх орчныг бий болгоход тусална.

 Аль хэдийн ашиглагдаж байгаа дэд бүтэц
Жижиг хотууд болон хөдөө орон нутгуудад бартаат замын унадаг дугуй мөн явган аялал хийхэд тохиромжтой зам байдаг. Гэвч хараахан албан ёсны зөвшөөрөл аваагүй байх магадлалтай. Энэ нь сайжруулаагүй зам, хуучин төмөр замын хонгил, модон зам, усалгааны суваг зэрэг нь газрын зурагт оруулж, холбох боломжтой албан бус замуудын жишээ юм.

Амралт зугаалгатай холбоотой дэд бүтцэд хөрөнгө оруулснаар зочид буудал, супермаркет, ресторан, дэлгүүр, орон нутгийн арга хэмжээнд үр өгөөж өгөх аялал жуулчлалыг татах нөлөөтэй байдаг.

Эрх тэгш байдал ба нийгмийн шударга ёс
Найдвартай тээврийн хэрэгслийн хүртээмжтэй байдал нь хүн амын амьжиргаа, сайн сайхны төлөөх нэн чухал зүйл юм. Энэ нь ялангуяа бага орлоготой хотын бүсээр зорчиж буй өнгөт арьстнууд, өндөр настай хүмүүс зэрэг төлөөлөл багатай хүмүүст онцгой ач холбогдолтой байдаг. "Smart Growth America" байгууллагаас эрхлэн гаргадаг "Dangerous by Design" хэмээх гурван жил тутмын явган зорчигчийн аюулгүй байдлын талаарх 2019 оны тайланд мэдээлснээр эдгээр хүмүүс голдуу нийтийн тээвэр болон хөдөлгүүрт бус тээврийн хэрэгслээр зорчдог бөгөөд зорчих явцад амиа алдсан хүмүүсийн ихэнх хувийг эзэлдэг байна. 

 Олон нийтийн эрүүл мэндийг нэмэгдүүлэх
Хүмүүсийг нэгтгэх, дасгал хөдөлгөөнийг дэмжих, моторт тээврийн хэрэгслийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой аливаа үйл ажиллагаа, дэд бүтцийг нэн тэргүүнд тавьснаар түүнээс гарах үр ашиг олон нийтэд хүртээмжтэй байдаг байна. Хүмүүс эрүүл мэндийг дэмжсэн газруудад татагддаг бөгөөд тэрхүү газраар дахин үйлчлүүлэх эсвэл сууршин амьдардаг.

Хүмүүс бүгд явган зорчигчид байдаг
Хүмүүс ямар нэг үйлчилгээ авах эсвэл ажил, сургууль, дэлгүүр рүү явахын тулд алхах, дугуй унах зэрэг ямар ч тохиолдолд тэрхүү шаардлагад мультимодаль хэлбэрийн дэд бүтэц нь нийцсэн байдаг. Хүн бүр аюулгүй, тохь тухтай байхыг хүсдэг тул моторт бус замын хөдөлгөөнийг дэмжсэн тогтолцоог бий болгох нь тэдэнд ашигтай хөрөнгө оруулалт болж өгдөг.

4. Технологи нь тухайн барилга байгууламжийн ажлыг төлөвлөх илүү боловсронгуй аргуудыг бий болгодог

3D загварчлал, 3D дижитал дүрслэл, 3D анимаци зэрэг дүрсжүүлэх технологи нь гол хөрөнгө оруулагчдад тухайн барилгын ажил эхлэхээс өмнө хэрхэн харагдах, мөн яг бодит мэтээр харж мэдрэхэд нь тусалдаг байна. Үүн дээр загвар төлөвлөгөөний явцад гол хөрөнгө оруулагчидад болон олон нийтэд барилгын төслийн талаар илүү сайн ойлголт өгч улмаар худалдан авалтыг нэмэгдүүлэх төдийгүй хурдан шуурхай, мэдээллийг цаг алдалгүй авч шийдвэр гаргах боломжтой байдаг тул хөрөнгө хэмнэдэг.

Дижитал технологи нь сүүлийн жилүүдэд гараар бүтээсэн загвараас компьютер загварт шилжсэн тул дүрслэл нь илүү нарийвчлалтай, шинэлэг, бөгөөд ач холбогдолтой болсон. Энэхүү оролцоо, төлөвлөлтийн стратеги нь цаашид ч чухал үүргийг гүйцэтгэх болно.

https://youtu.be/hyBcyvvq-uk

5. Олон нийтийн виртуал оролцоо цаашид ч чухал байсаар байх болно 

Барилгын компаниуд олон нийтийн виртуал оролцоог биечлэн оролцох арга хэмжээнээс илүү үр дүнтэй байдаг хэмээн үздэг. Учир нь виртуал хэрэгслүүд урьд урьдынхаас илүү олон төрөлтэй болсон ба тэдгээрийг ил тод байдал, харилцан итгэлцэл болон хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглах нь ирээдүйд таны барилга байгууламжуудад давуу тал болно.

Цар тахал намдах тусам уламжлалт уулзалт, оролцоо нэмэгдэх хэдий ч олон нийтийн виртуал оролцоо нь үр ашгийг илүүтэйгээр нэмэгдүүлэн, аливаа зардлыг бууруулж байгаа юм.

Таны зорилтот бүлгүүдэд мэдээлэл өгөх, шийдвэр гаргахад туслах долоон тактик:

Дроноор зураг авалт хийх болон гэрэл зураг
360 градусын өндөр нарийвчлалтай вэб камер
Виртуал уулзалт, видео хурал
Зориулалтын вэбсайтууд
Стратегийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
И-мэйлээр хандах
Цахим судалгаа

https://tourmkr.com/F1KzxVabsY/12885058p&308.67h&46.33t

 


6. Бүтээлч бөгөөд олон өрх амьдрах боломжтой орон зайг хөгжүүлэх хэрэгцээ

Орон сууц худалдан авагчдын зан байдал хурдацтай өөрчлөгдөж байна. Бүх насны хүмүүс хотоос гарахыг хүсдэг ч хотоос мэдрэх мэдрэмж, ойрхон байх таатай нөхцлийг илүүд үзсээр байгаа юм. Маш олон "Их төрөлтийн үеийнхэн" уян хатан хийгээд худалдан авах чадвараа харгалзан боломжийн нөхцлийг эрэлхийлж нэг өрхийн орон сууцнуудаасаа нүүн шилжих болсон байна. 

Үүний нэгэн адил 20-иод оны эхэн үеийн Z болон Миллениал үеийнхэн орон сууц хайхдаа сэтгэлгээний шинэ хэв маягийг гаргаж ирсэн юм. Тэд худалдаж авах бус түрээслэхийг илүүд үзэн мөн жижиг хотууд орчин үеийн болж хөгжсөн тул бусад том хотуудтай адил зүйлсийг өгч чаддагийг хүлээн зөвшөөрөн, амарч зугаалах боломжуудыг илүүтэйгээр эрэлхийлэх болжээ.

Орон сууцны цөөн төрөл байгаа нь Z болон Миллениал үеийнхэний  хэрэгцээнд нийцдэг

Энэхүү зах зээлийн эрэлт, нийлүүлэлт хязгаарлагдмал байх нөхцөл нь 1940-өөд оны үеийн орон сууцны бүтээлч хэлбэр бүхий чиг хандлагыг дахин сэргээн, түүнд цагаа олсон хөрөнгө оруулах боломжийг хувийн компаниуд мөн олон нийтэд олгодог. "Missing middle housing" гэдэг нь дуплекс (1 байшинд 2өрх), мультиплекс (1 байшинд хэд хэдэн өрх), 1 давхар зуслангийн байшин (бунгало), хотхон,  ажил-гэр нэг дор байрлах сууц зэрэг янз бүрийн хэмжээтэй барилгуудыг бүтээлчээр байршуулсан хөршийн бүтээн байгуулалт юм. Энэхүү нэршлийн учир нь 1940-өөд оноос хойш ийм төрлийн орон сууцууд бараг баригдаагүй тул "missing буюу алга болсон", мөн нэг өрхийн байшин болон дундаж өндөртэй эсвэл олон давхар өндөр барилга зэрэг төрөл бүрийн хэмжээтэй барилгуудын хоорондох хоосон зайд барьдаг тул "middle буюу дунд" гэж нэрлэдэг ажээ.

7. Орчин цагийн төслийн менежерүүд: Илүү өндөр хариуцлагатай байж хариуцлагаа хүлээх чадвар

Өнгөрсөн жил цар тахлаас шалтгаалан бидэнд гэнэтийн зүйлд бэлэн байж, дасан зохицох чадвартай байх ёстойг сануулсан билээ. Таны барилгын төслийн менежерүүд ажлаа дуусгахын тулд сонсох, суралцах, туршилт хийх, инновацийг нэвтрүүлдэг байх хэрэгтэй. Илүү нарийн төсөв хөрөнгө, давчуу цаг хугацааны байдал нь үр ашгийн эрэлтийг нэмэгдүүлж, цаашлаад маш олон зүйлд төслийн менежерүүдийг илүү хариуцлагатай, аливааг тооцож төлөвлөдөг, технологийн мэдлэгтэй байж төслүүдийнхээ явцыг шаардлагатай түвшинд нь хүргэдэг байхыг шаардах болжээ.

8. Захиалагчийн үнэлгээ чухал хэвээр байна

Үйлчлүүлэгчийн туршлага, өөрөөр хэлбэл A/И фирмүүдтэй хамтран ажиллаж байсан туршлага тань тэргүүлэх чиглэл хэвээр байна. Байгууллагууд хамтын ажиллагаа, итгэлцэл, ил тод байдал, өндөр чанартай үйлчилгээнд тулгуурлан түншүүдээ сонгодог тул амжилтад хүрэхийн тулд эдгээр шинж чанарууд хичнээн чухал болохыг ойлгох нь зүйтэй. "Forbes" сэтгүүлийн мэдээлснээр үйлчлүүлэгч/захиалагчдын туршлагыг сайжруулах чиглэлээр ажилладаг байгууллагуудын орлого 84%-иар нэмэгдсэн ба идэвх оролцоо өндөр ажилчидтай компани өрсөлдөгчөөсөө 147%-иар илүү гүйцэтгэлтэй байдаг аж.

Эх сурвалж: www.barilga.mn