Барилгын материалын үнийн өсөлтөд юу нөлөөлөв?
Жил бүрийн хавар барилгын ажил эхлэхтэй зэрэгцээд барилгын гол материалуудын үнэ өсдөг жамтай болжээ. Энэ жилийн хувьд бүүр ч Ковид-19 цар тахлаас үүдэлтэй олон дахин хөл хорионд орж, үйлдвэрлэл тогтвортой явагдахгүй байсаар хомсдол бий болж, үнийн өсөлтийн давалгаа явагдаж бүтээн байгуулалтын ажилд хүндрэл учраад эхэллээ. 2020 оны сүүлээс нэмэгдсэн арматурын үнэ өнөөг хүртэл өссөөр 4 дүгээр сарын байдлаар нэг тонн арматурын үнэ 2,3 -2,4 сая төгрөгт хүрсэн. Ууттай цементийн нэг тонны үнэ өнгөрсөн 2020 онд 320 мянган төгрөг хүрсэн, өнөөгийн байдлаар 44 барилгын материалын захад 215,000-220,000 төгрөг байгаа ба барилгын материалын нийт өртгийн тал орчим хувийг эзэлж байгаа энэ хоёр үндсэн материалын үнэ өндөр байгаа нь бетон зуурмаг, бетон, төмөр бетон хийц эдлэл зэргийн үнэд нөлөөлж, үүнтэй зэрэгцээд одоогийн байдлаар дулаалгын материал, модон материал, металл хийцийн үнэ өссөн байдалтай байна. Үнэ өсөхөд дараах шалтгаанууд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Үүнд:
●Дэлхий нийтээр тархаад буй "COVID-19"-ийн цар тахлаас үүдэн манай улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дөрвөн удаа ч шилжиж үйлдвэрлэгчид хэвийн тогтвортой ажиллах нөхцөл хангагдахгүй байсаар, түүхий эдийн татан авалт хийж чадахгүй, санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарсаар байгаад бүтээн байгуулалтын улиралтай золголоо.
●Дэлхийн зах зээлд түүхий эдүүд, импортоор оруулж байгаа материал, бүтээгдэхүүний үнэ өссөн, олдоц ховордсон, импортлогч БНХАУ-ын хил хорио, хязгаарлалтаас болж нийлүүлэлт багасч, тээвэрлэлт хүндэрч үнэ нь өссөн.
●Дотоодын жижиг үйлдвэрүүд БНХАУ-ын техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг ч ажиллах хүчний хомсдолтой, тоног төхөөрөмж, технологийн хоцрогдолтой байна.
●Ковид-19 цар тахлаас болж шаардлагатай гадаад мэргэжилтнүүд нь ирж чадаагүйгээс дотоодын жижиг үйлдвэрүүдийн ихэнх нь 2020-2021 онд үйлдвэрлэл явуулаагүй;
●Импортын нөөц бүрдүүлээгүйгээс дотоодын зах зээлд материалын хомсдол бий болсон зэрэг шалтгаантай байна.
Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос Барилгын материалын гол 12 нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөцийн судалгааг 2021 оны 02 дугаар сарын 23 -ний байдлаар гаргасан ба энэ судалгаанаас үндсэн материалуудын нөөцийн талаарх мэдээллээс хүргэж байна.
Манай улсын хэмжээнд барилгын материалын 700 гаруй үйлдвэр байна. Үүнээс 300 гаруй цонх хаалганы үйлдвэр, бетон зуурмаг-146, элс хайрга-100, бетон эдлэл-30, керамик-89, дулаан тусгаарлах материал-61 үйлдвэр ажиллаж байна.
Цемент: 2021 оны 02 дугаар сарын 23 -нйи байдлаар цементийн үйлдвэрүүд дээр байгаа бэлэн цементийн нөөц 90 орчим мян.тонн ба клинкерийн нөөц 166 мян.тонн буюу цементэд шилжүүлбэл -177 мянга, бэлэн цементтэй нийлээд 267 мян. тонн нөөцтэй байна. Мак цемент 2-р сарын 01 -нээс зуухаа галлаж 35,0 тонн клинкер үйдвэрлэсэн. Хөтөлийн цементийн үйлдвэр нөөц клинкерээсээ 14,0 мян. тонныг тээрэмдэж силосоо дүүргэсэн. 2021 онд үйлдвэрүүд 2260,0 мян тонн цемент үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа нь өнгөрсөн жилээс 760,0 мян. тонноор илүү байна.
Арматур: Импортлогч 4-5 томоохон компаниудад нийлбэр дүнгээр 24 орчим мянган тонн нөөцтэй байгаа болон дотоодын жижиг 10 гаруй үйлдвэрлэгчдээс Дарханы төмөрлөг ганцаараа ажиллан үлдэгдэл 10,0 тонн нөөцтэй байгаа нь импортын үлдэгдэлтэй нийлээд 34.0 мян. тн байна. Энэ нь барилга угсралын ажлын 1,3 сарын хэрэглээ юм. Жилдээ 250,0 мянга орчим тонн импортоор нийлүүлж дотоодын хэрэгцээг хангана.
Хөнгөн бетон блок: 10 гаруй үйлдвэр ажиллаж байгаагаас зөвхөн “МАК евроблок”-ын үйлдвэр 10.мян шоо метр гулдмайн нөөцтэй байгаа нь хангалтгүй. Бусад 10 гаруй үйлдвэрүүд нэмэгдэн тасралтгүй 3 ээлжээр ажиллаж байж дотоодын эрэлт хэрэгцээг хангах бүрэн боломжтой.
Бетон зуурмаг: 100 гаруй тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрүүд улсын хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд Цементийн нөөц ажил эхлэх эхний сард хүрэлцээтэй, дүүргэгчийн 7-14 хоногийн нөөц үйлдвэр дээрээ байгаа тул бетон зуурмагаар тасралтгүй хангах боломжтой.
Барилгын дулаалгын материал: Базальт хөвөнгийн нэг үйлдвэр тасралтгүй ажиллаж 1,5 мян тонн буюу 7 хоногийн байнгын нөөцтэйгээр тасралтгүй 3 ээлжээр ажиллаж дотоодын эрэлт хэрэгцээний 25-30 хувийг хангах боломжтой. Импортоор ижил төрлийн хөвөн 2,5 мян тонн нийлүүлэгдэж байж дотоодын хэрэглээг хангана. Хөөсөнцөр дулаалгын хавтангийн 10 гаруй үйлдвэр ажиллаж дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа 4-5 үйлдвэр дээр 8,5 мянган тонн нөөц байгаа нь захиалгын эхний сарыг хангах нөөц байна. Нэг ээлжээр ажиллаж дотоодын эрэлт хэрэгцээг бүрэн хангах боломжтой байна.
Эх сурвалж: www.barilga.mn