2023-07-31

Ирээдүйд чухал стандарт болох 15 технологи

Сүүлийн жилүүдэд барилга байгууламжид суурилсан ухаалаг технологийн хэрэглээ өсөн нэмэгдэж хүмүүст тав тух, сэтгэл ханамжтай байдлыг бэлэглээд зогсохгүй, цаашид ч хэрэглээний үндсэн хэв маяг болохоор байна. Орчин үеийн техник технологи улам бүр боловсронгүй болж гар утас, таблет, компьютер зэрэг бүхий л төрлийн ухаалаг хэрэгслүүдтэй гэр ахуйн цахилгаан тоног төхөөрөмжүүдийг холбож ажил, гэр хаанаас ч бид удирдан ажиллуулах боломжтой боллоо. Тэгвэл шинээр баригдах буюу барилга байгууламжид дараах 15 технологи тогтсон стандартад орж, бидний хэрэгцээг улам бүр хөнгөвчилж өгөх юм. Үүнийг бид хиймэл оюун ухааны тусламжтайгаар үйлдэж, өөрсдийн цаг зав, мөнгө санхүүгаа улам бүр хэмнэх боломжтой болох юм.  2023 оны байдлаар АНУ-ын нийт өрхийн 45 хувь ба түүнээс дээш хувь нь өөрсдийн амины орон сууцандаа доорх ухаалаг технологуудыг ашиглаж, хэрэглээндээ бүрэн нэвтрүүлсэн гэсэн судалгаа байна. “Форбес” сэтгүүлийн “Технологийн зөвлөл”-ийн 15 гишүүдийн үзсэнээр ухаалаг техник технологи болон түүний хэрэглээ нь ойрын арван жилийн дотор хурдацтай өсөн нэмэгдэж, амины орон сууц бариулахаар төлөвлөж байгаа иргэдийн хэрэглээнд өргөн нэвтэрч, мэргэжилтнүүдийн үзэж буйгаар цаашид ч барилгын тогтсон стандартад орох ажээ.  

1. Алсын удирдлагатай автомат системууд

Алсын удирдлагатай автомат системуудыг хаанаас ч удирдан хянах боломжтой бөгөөд барилгын ажил дуусах явцад гэр доторх бүхий л цахилгаан тоног төхөөрөмжүүдийг өөр хоорондоо холболт хийж автоматжуулдаг байна. Тухайлбал, гэрийн халаагуур, аяга таваг угаагч, угаалгын машин, гэрэлтүүлэг, авиа дууны зэрэг олон системүүдийг барилга баригдаж дуусах явцад суурилуулж, нэгдсэн системд холбогдож болох аж. Ингэснээр та хаанаас ч гэрийн цахилгаан төхөөрөмжүүдээ хянан аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой болно. 

2. Алтернатив эрчим хүчний нэгдсэн эх үүсгэвэр

Ухаалаг амины орон сууц дахь гэрэлтүүлэг, гэрийн халаагуур зэрэг тоног төхөөрөмжүүд алсаас удирдуулан ажиллахад их хэмжээний эрчим хүч шаардагддаг. Иймээс нарны эрчим хүч болон цахилгаанаар цэнэглэгддэг нэгдсэн станцуудын хэрэглээ цаашид ч өсөх ба энэ нь барилгын нэгэн шинэ стандартад тооцогдох юм. Амины орон сууцны оршин суугчдын номер нэг сонголт болох алтернатив эрчим хүчний нэгдсэн эх үүсгэвэр нь зардалд хэмнэлттэй, байгальд орчинд сөрөг нөлөөгүй гэх мэт маш олон давуу талуудтай аж. 

3. Хиймэл оюун ухааны удирдлагатай автомат системүүд  

Хиймэл оюун ухааны удирдлагатай автомат системүүд  нь гэр доторх орчныг мэдэрч бидний хүссэн хэрэгцээнд маань тулгуурлан цахилгаан олон төрлийн төхөөрөмжүүдийг удирдан ажилуулах юм. Жишээлбэл, гэрийн халаагуур, хамгаалалтын систем, гэрэлтүүлэг, аудио, бичлэг, дуу үзвэр гэх мэт гэрийн бүхий л төрлийн хэрэгслүүд багтана.

4. Ухаалаг термостат

Та өөрийн гар утас, компьютер, таблет зэрэг электрон хэрэгслүүдийг ашиглан ухаалаг термостат төхөөрөмжөөр гэрийнхээ халуун, хүйтэн температурыг автоматаар хаанаас ч, хэзээ ч тохируулах боломжтой. Ухаалаг тоног төхөөрөмжүүд бидний хэрэглээнд нэвтэрснээр технологийн шийдлийг илүү оновчтой болгож бидэнд олон давуу талуудыг олгодог. Цаашид ч ухаалаг  төхөөрөмжүүдийг хэрэглэхэд улам бүр нэмэгдэж, үүнийгээ дагаад зах зээлд олон төрлийн сонголттой ухаалаг системүүдийг нийлүүлэлт эрс нэмэгдэхээр байна.

5. Эрчим хүчний зарцуултыг хянах автомат төхөөрөмж

Эрчим хүчний зарцуултыг хянах автомат төхөөрөмж нь төд удалгүй барилгын стандартад нийцсэн хэрэглээний нэгэн шинэ хэв маяг болох юм. Жишээлбэл, таны агааржуулагч цахилгаан эрчим хүч ихээр ашиглаж эхэлмэгц, автомат хяналтын тоног төхөөрөмж нь  хиймэл оюун ухааны тусламжтайгаар танд мэдэгдэл өгч, техникийн мэргэжилтэнг руу шууд дуудлага хийх болно. 

6. Эрчим хүчний хэрэглээг тооцоологч технологи 

Хиймэл оюун ухаан болон машин сургалтын загварчлалыг ашиглан цахилгаан эрчим хүчний хэрэглээг урьдчилан тооцоолж, хэрэглээний оновчтой шийдлүүдийг тодорхойлогч төхөөрөмж нь амины орон сууцны оршин суугчдийн дунд голлох хэрэглээнүүдийн нэг болох аж. Учир нь тус тооцоологч төхөөрөмж нь цахилгаан эрчим хүчинд хэмнэлттэй бөгөөд эх дэлхийн тэнцвэртэй байдалд чухал үр нөлөө үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл байгаль орчны экологийн тэнцвэртэй байдал өнөө цагийн хамгийн их тулгамдаж буй асуудлуудын нэг билээ.

7. Видео зааварчилгааны систем

Видео зааварчилгааны систем нь шинээр баригдаж буй барилгын цогц систем болж байгаа бөгөөд барилгын зураг төсөл гаргахаас эхлүүлэн цугт цогцсоор шийдэж өгдөг байна. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи нь илүү нарийн боловсронгүй болж хаалганы хонх, дотор болон гадаах камер зэрэг үйлдлийн системүүдийн хэрэглээг дараагийн шатанд авчирч байна. Дэвшилтэт технологийн тусламжтайгаар хяналтын камерийг босоо болон хэвтээ чигт нь эргүүлж хүний нүүр царайг жижигсэж, томруулах үйлдлүүдийг нэгэн зэрэг хийж, дүрсийг нь илүү нарийвчлалтайгаар үзүүлэх аж.

8.  Ногоон технологи

Судлаачид цаашид үл хөдлөх хөрөнгө болон ухаалаг байшингуудын шийдлүүд нь улам бүр л ногоон технологид чиглэсэн, байгаль орчинд ээлтэй, сөрөг нөлөөг багасгахад чиглэсэн байх болно гэж үзжээ. Мөн цаашид байгаль экологийн тэнцвэртэй байдлын асуудлыг бид хүссэн хүсээгүй ч илүү нухацтай авч үзэж, бүхий л техник технологиуд илүү ногоон шийдлүүд дээр анхаарах болно гэжээ.

9. Суралцах чадвартай хиймэл оюун ухааны платформууд

Дэлхийн нийтийн дараагийн хувьсал бол хиймэл оюун ухаанаар ажилладаг гэрийн цахилгаан хэрэгслүүд юм. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаанаар ажилладаг платформууд нь таны өдрийн турш хийдэг дадал зуршлийг санах ойндоо суулган суралцаж, гэрийн бүхий л ухаалаг тоног төхөөрөмж, хэрэгсэлүүдтэй холбогдох болно. Жишээ нь, гэрийн санах ой буюу хиймэл оюун ухаан нь таны бүхий л өдрийн зурш сонсдог дууны жагсаалтыг тань өөрөө боловсруулан гаргаж үүний дараагаар таны хүссэн дууг автоматаар тоглуулах аж.

10.  USB оролттуудтай утасгүй цэнэглэгч

USB оролттуудтай утасгүй цэнэглэгчийг хаана ч байршуулах боломжтой ба оффисийн ширээ, гал тогооны тавцан гэх мэт олон залгуур шаардсан газарт байршуулна, утасгүй цэнэглэгч нь  хэмжээний хувьд зай бага эзэлж, хэрэглэхэд хамгийн хялбар. Иймд USB оролтуудтай утасгүй цэнэглэгч нь гарч ирсэнээр уламжлалт урт залгууртай цэнэглэгчдийг байр суурийг бүрэн эзлэхээр байна.

11.  Гэрийн төвлөрсөн автоматжуулалт

Гэрийн төвлөрсөн автоматжуулалт нь удахгүй барилгын стандарт тооцогдож эхлэх бөгөөд гэрийн эзэн байшингаа бүхэлд нь нэг төхөөрөмжөөс удирдана. Үүнд нь хяналтын гэрэл, хамгаалалтын систем гэх мэт цахилгаан хэрэгслүүд орно.

12.  Цахилгаан станцаас гадуурх эрчим хүч

Барилгын дараагийн стандартад тооцогдох шинэлэг арга барил бол цахилгаан сүлжээний станцийг ашиглахгүйгээр эрчим хүчийг гарган авах явдал юм. Нөөц батерейтай нарны болон газрын гүний дулааны эрчим хүчийг ашигласнаар цахилгаан станцуудын ачааллийг бууруулж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлийг бууруулах чухал ач холбогдолтой.

13. Ухаалаг тоолуур

Ухаалаг тоолуур нь үр ашгийг нэмэгдүүлж, зардлыг бууруулахаас гадна байгаль орчинд ээлтэй. Гэрийн халаалт, гэрэл, ус гээд л бүхий л хэрэглээг нэгдсэн байдлаар хянаж байх хамгийн хялбар, үр өгөөжтэй шийдэл юм.

14.  Аюулгүй байдлын мэдэгдлийн систем

Яах аргагүй ойрын жилүүдэд аюулгүй байдлын мэдэгдлийн систем нь шинэ барилгын стандартад тооцогдох бөгөөд энэ нь хяналтын програм, утасгүй мэдрэгчийн тусламжтайгаар гал түймэр, ус алдах, гадны халдлага зэрэг учирч болох болзошгүй аюулыг урьдчилан бидэнд мэдэгдэл ирүүлнэ.

15.  Бие даасан усны шийдэл

Ойрын таваас арван жилийн дотор бид бие даасан усны шийдэлтэй болно. Энэ нь ялангуяа хотоос зайдуу байрлах хувийн орон сууцад ашиглагдах ба усыг дахин ашиглах, борооны усыг хуримтлуулах, бохир усыг цэвэршүүлэх, усны тоолуур зэрэг олон үйлдэлтэй ухаалаг системийн зохицуулалттайгаар ажиллахаар байна. 

Эх сурвалж: www.barilga.mn