2023-06-29

Цементийн үнэ өнгөрсөн жилийнхээс 150-170 мянган төгрөгөөр өсжээ.

Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Барилгын голлох түүхий эдийн нэг бол яах аргагүй цемент юм. Тэгвэл цементийн үнэ ханш, худалдан авалтын талаар сурвалжилга бэлтгэлээ.  

 

Манай улс жилд 1.8 сая орчим тонн цемент хэрэглэдэг бөгөөд үүнийг дотоодын дөрвөн үйлдвэр хангадаг. Үүнд, "МАК", "Монцемент", "Ховд эко цемент", "Хөтлийн цемент шохой" компаниуд багтаж байгаа юм. 

Бид цементийн бөөний худалдааны төв болон жижиглэнгээр худалдаа эрхэлдэг газруудаас цементийн үнэ, иргэдийн худалдан авалтын талаар тодруулсан юм. 

“44 барилгын материалын бөөний төв”-ийн худалдаа эрхлэгч нэрээ хэлэхээ татгалзсан ч бидэнд яриа өгсөн юм. 

-Цементийн худалдаа эрхлээд хэр удаж байна. Одоогоор хэдэн төрлийн цемент худалдаалж байна вэ?  

-Би ахтайгаа хамтран цементийн худалдаа эрхлээд хоёр жил болж байна. Өнөөдрийн байдлаар дотоодын үйлдвэрийн нэг тонн цементийн үнэ 420 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь нэг шуудайн үнэ 21-22 мянган төгрөг гэсэн үг. Харин БНХАУ-аас импортоор оруулж ирдэг цементийн хувьд 360 мянган төгрөгийн ханштай байна. Нэг шуудайн үнэ 18 мянган төгрөг юм. Одоогоор дөрвөн төрлийн цементийг худалдаалдаг. Нэрлэвэл, дотоодын үйлдвэрээс “Монцемент”, “МАК” болон “Ховдын эко цемент” багтаж байна. Үүнээс гадна БНХАУ-аас импортоор оруулж ирдэг цементийг худалдаалдаг. 

 


Иргэдийн худалдан авалт хэр байна вэ?

-Иргэдийн худалдан авалтын хувьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад муу байгаа юм.

 


Шалтгааныг нь юу гэж харав?

-Үүний шалтгааныг инфляцтай хамааралтай гэж бодож байна. Яагаад гэвэл иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй атал бараа бүтээгдэхүүний үнэ өссөн шүү дээ. 

 


Он гарснаас хойш цементийн үнэ нэмэгдсэн үү? 

-Сүүлийн үед цементийн үнэ харьцангуй тогтвортой байна. Яагаад гэвэл худалдан авагчдын тоо цөөрсөн үзүүлэлттэй байгаа. Хэрэв худалдан авагчид олширвол эрэлт нэмэгдэж нийлүүлэлт буурдаг. Ингэснээр хомсдол үүсэж үнэ өсөх хандлагатай байдаг юм. 

 


Цементийн үнэ хоёр жилийн хугацаанд 50 хувиар нэмэгдсэн.
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын дунд үед нэг тонн цемент 310-330, 2021 оны мөн үед дунджаар 250 мянган төгрөг байсан юм. Өнгөрөгч жилийн мөн үетэй харьцуулахад нэг тонны үнэ 150-170 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин цементийн үнийг 2021 оны мөн үетэй харьцуулахад 210-250 мянган төгрөгөөр буюу 50 хувиар нэмэгджээ. 

Үүнээс гадна цементийн үйлдвэрээс иргэдийн гарт очих хүртэл 3-4 дамжлагыг дамждаг байна.

Үүнд:

Бөөний төв 

Зах худалдааны төв 

Барилгын материалын дэлгүүр  

Жижиглэнгээр зарах иргэд багтана.

Тухайн дамжлага бүрд нэмүү өртөг шингэснээр иргэдийн гарт өндөр үнээр очдог юм.

 


Худалдаа эрхлэгчдийн зүгээс цемент худалдан авах иргэдийн тоо цөөрсөн гэдгийг онцлон хэлж байлаа. Бид Гурвалжны гүүр орчимд цементийн худалдаа эрхлэгч Х.Бадрахтай ярилцсан юм. 

 


Х.Бадрах: Цемент үйлдвэрлэгч компаниуд нэгнээ дагаж, үнээ өсгөхөө болих хэрэгтэй

 

Хэдэн төрлийн цемент худалдаалж байна? 

-"МАК" компанийн цементийг голчлон худалдаалж байна. 

 


Шуудайндаа 50 кг-ын жинтэй цементийг хэдэн төгрөгөөр борлуулж байгаа вэ? 

-Нэг шуудай цементийн үнэ 23-25 мянган төгрөгөөр зарагдаж байна. Энэ нь нэг тонн цементийн үнэ 460 орчим мянган төгрөг гэсэн үг. 

 


Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад цементийн үнэ хэрхэн өөрчлөгдсөн бэ. Шалтгаан нь юу бол? 

Өнгөрсөн жилийн мөн үед нэг тонн цементийн үнэ 310-330 мянган төгрөг байв. Удалгүй цементийн үнэ нэмэгдсэн. Ингэхдээ нэг тонн цементийн үнэ 500-700 мянга хүрсэн юм. Шуудай цементийн үнэ 25-30 мянга гэсэн үг.  Яагаад гэвэл тухайн үед цемент хомсодсоноос үнэ нэмэгдэх болсон. Харин энэ жил цементийн нийлүүлэлтийн хувьд л тогтвортой байгаа. Гэхдээ наадмын дараагаар хэрхэх талаар сайн мэдэхгүй байна. 

Гэвч нийлүүлэлт хэвийн хэдий ч дотоодын үйлдвэрүүд үнээ нэмсээр байна. Тодруулбал, нийлүүлэлт хийх бүртээ 10-20 мянган төгрөгийг тонн тутамд нэмдэг. Одоогоор “МАК” цементийг үйлдвэрээс нь 416 мянгаар худалдаж авдаг юм. Бид тонноор нь бөөндөж авсан цементээ ширхэглэн зарахдаа 1-2 мянгыг л нэмдэг. Ингэж байж л түрээсийн төлбөрөө төлж чаддаг даа. 

 


Иргэдийн худалдан авалт хэр байна. Өдөрт хэчнээн хэмжээний цементийг борлуулж байна вэ? 

-Барилга байгууламж барих энэ үеэр хувь хүмүүс болон албан байгууллагуудын цемент худалдан авах тохиолдол нэмэгддэг. Худалдан авагчид ихэвчлэн хэрэглээндээ тохируулан цөөн хэдэн шуудайг авдаг юм. Ингэснээр тэдний халааснаас гарах өртөг нэмэгддэг гэсэн үг.  Хятадаас орж ирж буй цементийн нэг тонны үнэ 380 орчим мянга. Чанарын хувьд монгол цементтэй адил бөгөөд үнийн хувьд хямд байгаа юм. Гэхдээ олны дунд “Өнжмөл цементийг авч ирж борлуулж байна” хэмээн яригддаг. Үүнээс үүдэж дотоодын цементийг сонгож худалдан авах хүсэлтэй байдаг боловч “Үнэ өндөр байна” хэмээн шүүмжилдэг. Өмнө нь хоёр хоногт таван тонн цементийг зардаг байлаа. Харин энэ жилийн хувьд таван тонныг борлуулахын тулд 3-4 хоногийг зарцуулахаар байна.  

 


Худалдан авагч буурсан шалтгааныг юу гэж харж байна? 

-Үнэ өндөр байгаа учир худалдан авагчид буурсан байх. Ер нь үнэтэй цемент зарахад бидэнд ч хэцүү байдаг. Хүмүүс аль болох хямд үнээр худалдан авах эрмэлзэлтэй байдаг. Энэ боломжгүй. Яагаад гэвэл бид ч гэсэн амьдарч байна. Хүүхдийнхээ, талхныхаа мөнгийг олох гэж хичээж яваа хүмүүс шүү дээ. Ер нь нэг тонны үнэ 350 мянга орчимд хүргэвэл зохино. Мөн дотоодын үйлдвэрүүд үйл ажиллагаа тасалдуулахгүйгээр явуулах хэрэгтэй байна. Үүнээс гадна цемент үйлдвэрлэгч компаниуд нэгнээ дагаж үнээ өсгөхөө болих хэрэгтэй.  Жишээлбэл, “Хөтлийн цемент шохой ХХК”-ийн цемент өмнө нь нэг тонны үнэ 300 мянган төгрөг байсан удаатай. Нэг шуудайн үнэ 15 мянга гэсэн үг. Харин одоогоор 400 мянга орчим болоод байна. Энэ нь өмнөх жилээс 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Хэрэв цөөн тонноор авах тохиолдолд үнэ нэмэгдэж байна. 

Бөөнөөр худалдаж авсан өртөг дээр тээврийн хөлс нэмэгддэг. Ингэснээр 50 кг бүхий нэг шуудай цементийн үнэ 26-27 мянга болдог.

"100 айл" худалдааны төвд цементийн худалдаа эрхлэгчээс цементийн үнийн талаар тодрууллаа. 

Тэрбээр “Дотоодын цементийг 23-25 мянган төгрөгөөр худалдан авдаг. Бөөнөөр худалдаж авсан өртөг дээр тээврийн хөлс нэмэгддэг. Ингэснээр 50 кг бүхий нэг шуудай цементийг 26-27 мянган төгрөгөөр борлуулж байна.  Өмнөх жил 30-35 мянган төгрөг болж өссөн. Тухайн үнэ удалгүй буурсан ч хэвийн үеийнхээсээ өндөр байсаар байна.  

“100 айл” худалдааны төвөөр хүмүүсийн худалдан авалт харьцангуй сайн. Хэрэгцээнийхээ хэрээр л авч байгаа харагддаг. Хэрэв бөөнөөр нь авбал 25-26 мянган төгрөгөөр өгч байна. Миний хувьд өдөртөө 30 орчим шуудай цементийг борлуулдаг” хэмээв. 

 


-Иргэн: Цементийн үнэ нэмэгдсэн нь хөнгөн яриад өнгөрөх зүйл яав ч биш-

Цементийн борлуулалтын хамгийн эцсийн хэрэглэгч нь иргэн байдаг. Тэгвэл цементийн үнэ судалж яваа иргэн Б.Амарбаяр ийнхүү ярив.

“Манайх зургаан хантай гэрт амьдардаг. Хашаандаа хувийн байшин барихаар зэхээд хоёр жил болж буй. Аливаа барилгын голлох түүхий эд яах аргагүй цемент. Гэтэл барилгын ажлаа эхлүүлье гэсэн ч цементийн үнийг дийлэхгүй байна. Цементийн үнэ өссөн болохоор ч тэр үү орон сууцны үнэ жил ирэх бүр нэмэгдэх болов. Би сарын 1.2 сая төгрөгийн цалинтай. Орон сууцны зээл авбал 15-20 жилийн дараагаар зээлээс чөлөөлөгдөнө. Цементийн үнэ нэмэгдсэнийг хөнгөн яриад өнгөрөх зүйл яав ч биш. Энэ нь иргэдийн амьдрал, цаашилбал улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг анзаарах хэрэгтэй” хэмээв. 

Цементийн гаалийн татвар хөнгөлөх тухай шийдвэрийн хэрэгжилт зогссон.
Монгол орны цементийн хэрэглээг дотоодын дөрвөн үйлдвэр хангах бүрэн боломжтой хэмээдэг. Гэтэл 2022 онд Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн татварын Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан. Үүнд, цементийн төрлийн бүх бүтээгдэхүүний гаалийн албан татварын 20 хувийг он дуустал тэглэж байсан удаатай. Яагаад гэвэл дотоодын компаниуд бүрэн чадлаараа ажиллаж байсан хэдий ч улирлын шинжтэй эрэлтийг хангаж чадахгүй байсан аж. Тухайн шийдвэр одоог хүртэл хэрэгжиж байгаа эсэхийг шалгаж үзэв. Тус шийдвэр 2022 он дуустал хэрэгжсэн байна.  Одоогоор дотоодын үйлдвэрүүд цементийн эрэлтээ хэвийн хангаж байгаа аж. 

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс дотоодын цементийн компаниудаас үнэ нэмэгдэх шалтгаан болон эрэлт, нийлүүлэлтийн талаар тодруулах гэсэн боловч холбогдож чадаагүй юм. 

Гэхдээ, Худалдаа эрхлэгчид “дотоодын компаниудаас цементийн нийлүүлэлт хэвийн түвшинд хангаж байна. Ингэхдээ нэг тонныг нь 416 мянган төгрөгөөр зардаг” хэмээв. 

Эх сурвалж: www.barilga.mn