2023-06-08

Барилгын тухай хуульд орсон зарим нэмэлт, өөрчлөлтүүд

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Барилгын тухай хууль /шинэчилсэннайруулга/-ийг баталснаас[1] хойш нийт 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Энэ нэмэлт, өөрчлөлт нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Зөвшөөрлийн тухай хуультай холбоотой. Учир нь зөвшөөрлийн тухай хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл олгох төрийн байгууллагын чиг үүрэг өөр төрийн байгууллагад шилжсэн билээ.

            Барилгын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ихэнх хэсэг нь барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй холбоотой бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийг барилга байгууламжийн төвөгшил болон тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны төрөл, тогтвортой байдлыг харгалзан хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу дараах зарчмаар шатлан ахиулж олгохоор болсон байна. Үүнд: 

Барилгын тухай хуулийн 33.1.15-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд бага төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг;
Бага төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, тухайн чиглэлээр нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулж, гүйцэтгэсэн ажлаа тогтоосон хугацаанд тайлагнадаг хуулийн этгээдэд дунд төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг;
Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй, тухайн чиглэлээр гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулж, гүйцэтгэсэн ажлаа тогтоосон хугацаанд тайлагнадаг хуулийн этгээдэд өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг;
Өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг;
Хуулийн этгээдийн барилгын материалын үйлдвэрийн бага, дунд, өндөр хүчин чадлыг нь харгалзан Барилгын тухай хуулийн 19.3-т заасан зарчмын дагуу барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг;
Барилгын тухай хуулийн 33.1.15-д заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд Барилгын тухай хуулийн 19.3.1, 19.3.2, 19.3.3, 19.3.4-т зааснаас бусад ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг шат ахиулан олгохоор болсон байна.
            Мөн Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэрлэдэг байсан бол уг тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар хүлээн авч, зөвшөөрөл хүссэн өргөдөл шийдвэрлэх журмын дагуу хянан шийдвэрлэхээр нэмсэн байна. Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилга, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн хувьд олгодог байсан бол барилгын ажил гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байхаар заажээ.

            Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан хуулийн этгээд хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэхээс гадна барилгын материал үйлдвэрлэгч хуулийн этгээдийн тухайд тохирлын гэрчилгээг гаргаж өгнө. Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар сунгадаг байсан бол нэмэлт, өөрчлөлтөөр Зөвшөөрлийн тухай хуулиар тусгай зөвшөөрөл сунгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг болсон. Мөн тусгай зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Барилга, хот байгуулалтын яам хүчингүй болгож, олон нийтэд мэдээлнэ. Өмнө нь тусгай зөвшөөрлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаардлага, барилгын ажлын талбайд тавих шаардлагыг зөрчсөн нь дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцалж байсан бол нэмэлт, өөрчлөлтөөр дээрх шаардлагыг хассан байна. Мөн тусгай зөвшөөрлийг тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг гурван жил дараалан эрхлээгүй тохиолдолд цуцлах үндэслэл болдог байсан бол тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хоёр жил дараалан эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд цуцлахаар өөрчлөн найруулжээ. 

            Өмнө нь барилгын ажлын зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгодог байсан бол цөмийн болон дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, төмөр зам, нисэх онгоцны буудал, метро, улс дамнасан нефть болон хийн хоолой, газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой зэрэг улсын чанартай барилга байгууламжид Засгийн газар зөвшөөрөл олгоно. Мөн онцгой төвөгшилтэй барилга байгууламж болон цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-аас дээш давхартай барилга, ус, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг барилга хот байгуулалтын яам олгохоор болсон байна. Дээрхээс бусад барилгын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож байна. 

Барилгын тусгай зөвшөөрлөл олгохоос татгалзах үндэслэлийг тодорхой болгосон байна. Үүнд:

Хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй;
Зураг төсөлд магадлал хийгдээгүй;
Олон нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хангаагүй болохыг эрх бүхий байгууллага тогтоосон тохиолдолд зөвшөөрөл олгохоос татгалзана. 


[1] Төрийн мэдээлэл эмхэтгэл: 2016 он, №7

Эх сурвалж: www.barilga.mn