2023-01-11

Амины сууцны эдэлбэр газрын төлөвлөлт ашиглалтад тавигдах ерөнхий шаардлага

Амины сууц барихад мөрдөх стандартын төслийг Хотын стандарт, хяналтын газраас нийтлэв. 


Дэлхийн дулаарлын эсрэг бүх нийтээрээ тэмцэх шаардлага тулгарч буй энэ цаг хугацаанд барилга, байгууламжаас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд эрчим хүчний хэмнэлттэй пассив, ногоон барилгын төлөвлөлтийг нэг айлын сууцад нэвтрүүлэх шаардлага гарч байна.

Бидний ажиллаж, амьдарч буй барилга байгууламж нь хүрээлэн буй орчны экосистемтэй нягт уялдсан “ээлтэй барилга” байхаас гадна, хүний амьдралын тав тух болон олон талт нөхцөлийг хангасан шийдэлтэй байхыг шаарддаг. Иймд хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, барилгын төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалтын үед илүү зардалгүй, ашиглалтын хугацаа дуусаад буулгах үед хаягдал багатай барилгыг тогтвортой барилга гэнэ.

Тогтвортой барилгад дараах шаардлагууд тавигдана. Үүнд:

- Амьдралын мөчлөгийн тооцоо ба үнэлгээтэй (байгаль орчинд үзүүлэх

нөлөөлөл бага);

- Үр ашигтай төлөвлөлтийн шийдэл;

- Ашиглалтын үед эрчим хүчний болон усны хэмнэлттэй;

- Тогтвортой материал ашигласан (байгалийн гаралтай, шинэ технологи

бүхий материал);

- Дотор агаарын чанарын шаардлага хангасан;

- Барилга угсралтын үеийн хог хаягдал бага;

- Буулгах үед материалыг олон дахин ашиглах боломжтой байх зэрэг юм.

Тогтвортой барилгыг төлөвлөхдөө дараах үндсэн зарчмуудыг баримтална.

Үүнд:

- Барилгын эрчим хүчний хэмнэлтийн зарчмууд: Тогтвортой барилга нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдах боломжтой, эрчим хүчний хэрэглээний хувьд стандартад заасан хэмжээнд эсхүл илүү хэмнэлттэй байх;

- Барилга барих газрыг зөв сонгох: Тогтвортой барилга барих үйл ажиллагаа нь орон нутгийн экосистемд үзүүлэх нөлөөлөл, тээвэр хийх боломж, эрчим хүчээр хангах байдал зэргийг тооцож, газрыг зөв сонгохоос эхлэх ба улмаар барилгыг байрлуулах зүг чигийг зөв тогтоох нь чухал байдаг;

- Усны хэрэглээ: Дэлхий нийтээр ихэнх улс орнууд ундны усны нөөцийн хомстолд орсон өнөө үед тогтвортой барилгыг усыг хэмнэх, үр ашигтай зарцуулах, дахин ашиглах буюу “саарал ус” ашиглах боломжтой байхаар төлөвлөдөг;

- Зөв төлөвлөлт: Барилгын архитектур төлөвлөлтийг зөв төлөвлөх, хаших бүтээцийг тооцооны үндсэн дээр сонгож, барилгын масс ба дулааны алдагдлын гүүрийг зөв тооцох, ногоон барилгын материал ашиглах, барилгын норм ба дүрэм, стандартуудыг баримтлах нь чухал юм;

- Нарны элчийг бүрэн оруулах зорилгоор цонхыг урд зүг рүү чиглүүлж байрлуулах. Зуны цагт хэт халалтаас хамгаалах зорилгоор мод, эргэн тойрны барилга байшингийн сүүдрийг зөв ашиглах нь чухал. Барилгын авсаархан компакт төлөвлөлт, урд зүг рүү харсан сүүдрэвчтэй битүү шилэн фасад, дулаан эсэргүүцэл сайтай шил ашигласнаар өвөл дулаан алдагдал, зуны улиралд хэт халалтаас хамгаална. Мөн өвлийн улиралд нарны энерги дулааныг авах боломжтой болдог байна.

Эх сурвалж: www.barilga.mn