2022-12-19

Гурваас дээш орон сууцтай хүн үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээд хоёр орон сууцаа татвараас чөлөөлүүлнэ

Нийслэлд гурав ба түүнээс дээш орон сууц өмчилдөг иргэд хоёр орон сууцаа өөрсдөө сонгон татвараас чөлөөлүүлээд гурав дахь орон сууцанд албан татвар төлөх юм байна. Энэхүү хуулийн хэрэгжилт 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдсөн бөгөөд иргэн үл хөдлөх хөрөнгийн татвараа ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор төлөх үүрэгтэй аж.
Энэ талаар Татварын Ерөнхий Газрын Бүртгэлийн хэлтсийн дарга Т.Баярмаагаас тодрууллаа.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай шинэчилсэн хууль батлагдсан ч журам гараагүйгээс хэрэгжихгүй байгаа гэж байсан. Энэ талаар?

Журмаар тусгайлсан харилцаануудыг тодорхойлж гаргаж байгаа юм. Тухайлбал насанд хүрээгүй хүүхэд үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хамтран өмчлөгчтэй байвал яах вэ гэдгийг тодорхойлж байгаа. Арваннэгдүгээр сард журмыг баталсан. Насанд хүрээгүй хүүхэд үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол татвар төлөхгүй гэсэн зохицуулалт байхгүй.

Монгол Улсын иргэн бүр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй байдаг. Тиймээс насны хязгаар заахгүй, гурван орон сууцтай иргэн, хуулийн этгээд хоёр орон сууцаа татвараас чөлөөлөөд, гурав дахь орон сууцанд татвар төлнө. Хуульд тусгаагүй зүйлийг журмаар зохицуулна.

Хоёр орон сууцтай, зуслангийн нэг сууцтай, нэг хашаа байшинтай бол ямар хэмжээний татвар төлөх вэ?

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай шинэчилсэн хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гурваас дээш орон сууцтай хүн үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээд хоёр орон сууцаа татвараас чөлөөлүүлж,  гурав дахь байрны татварыг төлөх эрх нь нээлттэй. 

Иргэд гурван орон сууцтай бол 2 орон сууцаа албан татвараас чөлөөлүүлээд 3 дахь орон сууцныхыг төлөх мэдэгдлийг e-barimt цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан өгч байгаа. Тухайн хөрөнгийн үнэлгээ болон ногдох татварын хэмжээг бодож өгч байна. Цахим системээс үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээг авч болно.

Үл хөдлөх хөрөнгө нь хамтран өмчлөгчтэй бол чөлөөлөлт болон татвар ногдуулалтыг хувь тэнцүүлэх буюу хамтран өмчлөгчдийн тоонд хуваасан байдлаар төлнө.

Орон сууцны тухай хуульд "Орон сууц" гэж юуг хэлэхийг заасан байдаг. Хашаа байшин, зуслангийн сууц буюу хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууц, байшин, гэрийг бүхэлд нь орон сууц гээд заачихсан.

Хэрэв хоёр байртай /бидний хэлж заншсанаар/, нэг хувийн сууцтай, дахиад зуслангийн байшинтай бол 4 орон сууцтай гэсэн үг. Энэ тохиолдолд 2 үл хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлүүлээд, хоёрт нь татвар төлнө. 

Хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгө гэж газраас салгаж болохгүй зүйлүүдийг хэлдэг. Үл хөдлөх хөрөнгө гэсэн тодорхойлолтод заагдсан, эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдсэн хөрөнгүүдэд албан татвар ногдоно. Татвараас чөлөөлөгдөх чөлөөлөлтүүдийг хасаад үлдсэнд нь татвар ногдоно. Иргэн үл хөдлөх хөрөнгийн татвараа жилдээ нэг буюу ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор төлөх үүрэгтэй байдаг. Хуулийн этгээд улирал тутамд буюу дөрөв хувааж төлнө. НӨАТ-ын буцаан олголт үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээнээс илүү гарч байвал буцаан олголтоороо төлж болно.

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээ?

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээ 0.6-2%-ийн хооронд интервалтай байдаг. Аймаг, нийслэлийн ИТХ энэ хувь, хэмжээг тогтоон баталж өгдөг. УИХ-аас тогтоосон хувь хэмжээ бол 0.6-2%. Тухайн хөрөнгийн байршил, зориулалт зэргээс хамаараад 0.6-2%-ийн хоорондох хэмжээгээр татвар төлнө гэсэн үг. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх үл хөдлөх хөрөнгөөс 0.6-1%-ийн татвар авч байна.

Эх сурвалж: www.barilga.mn